НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Ажлаа чин сэтгэлээсээ...

Хэн нэгний (эсвэл өөрийн) бие гэнэт өвдөх үед хамгийн түрүүнд эдгээр үгс санаанд ордог. Түргэний тэрэгний дуут дохио хангинахад хүнээ аварсан мэт уужирч, урт амьсгаа авах нь ч бий. "...Хүний амь аврах нь хамгийн том буян учраас эмч нарыг их шүтдэг юм. Эмч болж чадахгүй ч жолоочийг нь болов хийе гэж шийдсэн юм. Ингээд л 103-т ажилд орсон доо. Хүний амь насыг хариуцаж яваа учраас хурдан, осол авааргүй, сэрэмж болгоомжтой явах ёстой. Гэнэт машин, дугуй, мотоциклтэй хүн урдаас ороод ирнэ, гарцгүй газраар өмнүүр хүн гүйнэ. Ид түгжрээд, хоёр талаасаа таг гацсан бол урсгал сөрөх болно. Хүнд өвчтөн тээвэрлэж яваа бол "Ээ, гуйж байна шүү дээ! Зам тавиад өгчих л дөө!” гэж хэдэн тийшээгээ хоолойгоо сөөтөл орилох хэрэг ч гарна. Саяхан есдүгээр сарын 29-ний гараагаар ХУД-ийн эмнэлэгт хүн хүргэчхээд, БГД-ээс ирсэн дуудлага руу явж байтал нэг жолооч зам хөндөлсөөд явуулдаггүй дээ. Замаа чөлөөлж өгөхийг гуйтал “Та нар айраг зөөдөг биз дээ? Ачаагаа шалгуул!” гэж загнасан. Хүний амийг аврахын тулд хором мөч бүртэй уралдаж яваа учраас 103-ын машинд зам тавьж өгдөг байгаасай гэж уриалмаар санагддаг юм. Гэхдээ хэл амаар доромжлох, хуруугаа гаргах зэргээр хэцүү аашлах хүмүүс байдаг ч тэр бүрийг тоохоо больж дээ. Ажилд орохдоо ийм их ачаалалтай ажилладаг гэж ерөөсөө төсөөлөөгүй. Эмч нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж, жаргал зовлонг нь хамт туултал “Энэ хэд маань ямар хэцүү ажил хийдэг юм бэ?” гэж бодогдсон. Заримдаа 24 цаг амралтгүй ажилласны маргааш хэсэг амраад, үргэлжлүүлэн 16 цаг ажиллаад ядрах үе бий. Тийм үед дуудлага ирвэл хүний амь аврах учраас “За, эмч ээ! Гялс явах уу?” гээд л сэргэчихдэг юм. Нэг баг болж, эднийхээ дунд удах тусам л ажилдаа дуртай болж байна. Эмч нар маань айлдаа орж, хүндээ тусалж гарч ирээд "Ийм оноштой хүн байлаа, ийм ийм арга хэмжээ авлаа" гээд ярихаар нь бүгдийг нь цээжлэхийг хичээдэг юм. Дараа нь надад хэрэг болж магад шүү дээ.  Дуудлага бүр өөр. Амин үзүүлэлт нь тогтворгүй, даралт нь унасан, амь нас нь дээсэн дөрөөн байгаа хүнийг босгохын тулд эмч нар маань бүх чадвараа гаргадаг. Хоёулаа хөлсөө дуслуулаад л үзэж тарна шүү дээ. Хүнээ авраад, дүүргийн эмнэлэгт нь хүлээлгэж өгөөд гарахдаа л бүтэн амьсгаа авдаг. Элэг бүтэн байх нь аз жаргал учраас анхны тусламжаа сайн үзүүлээд, ар гэрийнхэнд нь хэлэх их сайхан." хэмээн ярих Нармандах Ерэнтэй. Тэрээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн жолоочоор гурав дахь жилдээ ажиллаж байна

  • 2023-12-21

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962